11 сарын 5
Ердийн нэгэн өдөр өнгөрөв. Өдөр блогтоо пост хийсний дараа "15 настай чамд илгээх захидал" дууг баахан сонслоо. Найз маань бас нэг видео явуулсаныг нь би бараг юу ч ойлгосонгүй, хэхэ.
Орой хичээлдээ суугаад гарч иртэл гадаа жихүүн хүйтэн салхи үлээж цас бударч байлаа. Ингээд л өвөл боллоо доо гэсэн гунигтай бодол хамаг биеийг эзэмдэж даарсандаа хурдан хурдан алхахыг оролдовч нимгэн ултай гутал халитраад урагш олигтой ахиж өгөхгүй байлаа. Хүүхэд байхаасаа өвөл болохоор дулаан орон руу нисдэг усны шувуу болохыг хүсдэг байж билээ.
Гэртээ ирээд хоолоо идэнгээ зэрэг зэрэг баахан юм хийх санаа оноо төрж тэр болгон руу үсчсээр нэг мэдэхэд орой болсон байлаа. Өдрийн нөгөө дуугаа орчуулахаар суусан боловч дуусгасангүй.
Би ер нь хэвийн үедээ түг түмэн санаа оноо оролдож үзмээр зүйлсийн тухай бодлоор дүүрэн байдаг бөгөөд харин гунигласан ч юм уу сэтгэлээр унасан үедээ тэр бүх бодлууд нь хаа нэг тийшээ алга болж өөрөө өөртөө би яагаад ийм чимээгүй байна аа гэж гайхахаар нам гүм болдог юм.
Телевизийн суваг хэд солиход Блумберг дээр Анна Винтурын тухай гарч байлаа. Мундаг хүн юм аа. Тэрээр бусдын нөлөөнд огт автдаггүй гэсэн нь таалагдав. The September Issue баримтат киног олж үзмээр санагдлаа.
Дараа нь Luxe ТВ дээр Isabel Marant pour H&M коллекцийн нээлтийн үдэшлэг болж байгааг хальт харав. Өнгөрсөн сард загварын бүх сэтгүүлүүд энэ талаар шуугиад өнгөрсөн билээ. Надад lookbook-ийг үзэж байхад доорхи видеон дээр Фрида Пинтогийн өмссөн жакет, улаан өмдтэй хослуулсан нь нь таалагдаж байсан. Isabel Marant нэг тийм гоё зэвүүн танхай загваруудтай санагддаг.
Маргааш очьё гэж бодсон газрынхаа тухай найзаасаа лавлаж асуутал эмэгтэйчүүдийн ярианд шилжив. Түүний ярианаас үүдээд яагаад хүний хүлээлт бодит байдал дээр хамаагүй илүү уналттай биелдэг юм бол оо гэж баахан бодов. Мөрөөдлийн дөрөвний нэг нь л биелдэг болохоор том мөрөөдөх хэрэгтэй гэсэн үг үнэн бололтой.
Өөр нэг найз минь 2 жилийн өмнөх нэг уулзалтын үеээр сэмхэн авсан зургаа явуулж байна. Хүний зураг аваад байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм аа. Тэр зураг дээр бас л их өөр харагдаж байна лээ шүү би. Цаг хугацаа гэж...
Яг одооныхоо зургийг харуул гэж баахан шалахаар нь цаснаар авахуулсан зургаасаа хэдийг үзүүлэв. Ердөө 20 минутын дотор 55 кадр дарсан байснаас олон гоё кадр байсан шүү. Анхны удаа авсан сакуратай 70-80 кадраас ганцхан гайгүй кадртай байснаа бодвол ч зурагчин бид хоёр туршлагатай болж байгаа бололтой, хэхэ. Гэхдээ авсан орчин нөлөөлсөн байх л даа. Тэр зургийг авах гэсэн хүмүүс ирээд л яг юуны зураг аваад байгаа юм асуугаад л төвөгтэй байсан шүү, хэхэ.
Тухайн өдрийн тухай тэр өдөртөө бичихгүй л бол маргааш нь бичихээр мартагдаж хаягдсан зүйл их гараад байх юм. Оройдоо бичээд байдаг ч юм бил үү дээ.
Блогийн баруун гар талын "Сарын хамгийн их хандалттай" постуудын жагсаалтанд Record my day дараалан дээш гүйж байгааг нь харвал хүмүүс уншаад байгаа бололтой, хэхэ.
No comments:
Post a Comment