ЦАГ ХУГАЦАА ГЭХ ОХИН


Цаг хугацаа гэх улаан туузтай охин дүрсгүй, гэнэн, мөрөөдөгч
элгээ хөштөл инээгч, нойрмоглогч, уйтгарлагч. үймээнч, өвдөн цонхийгч, шүүгэн дотор нуугдагч, эрвээхэй хөөгч, зүүдэндээ уйлагч мишээгч тэгээд бас хурц хутга барин хаалган дээр зогсогч,буланд уйлагч охин.,
Цаг хугацаа гэх нисдэг улаан гуталтай охин үргэлжид асуун шалгаагч, үсээ самнуулагч, хоол гологч, амттанд дурлагч, томоотой царайлагч, тоглоомоо хэмхлэгч, үлгэрт зохиогч
өөр ертөнцийн тухай аймаар нууцыг хадгалагч
зөнч тэрээр жишээлбэл бөгж чинь надад үлдэнэ гэх
дараа нь тэс өөр юм яригч...
-Зараанууд жижигхэн халбагатай юу? Хэрэв халбага сэрээ бий бол алчууртай байна... тэр нь навч тийм ээ, ухаантай зараанууд удахгүй жижигхэн далавчтай болно. Яст мэлхий тэнгэрт бас ниснэ. Тэр цагаар чи энд байхгүй. Хэрэв чи өөрийгөө хайрлавал чамайг ч би хайрлана. Тийм гэх.
Цаг хугацаа гэх охин урт үстэй, уран гоёхон хуруутай
танхил торгон анхилуун арьстай...
зүүдлэгч тэрээр там диваажинг хольж хутгана.
тамыг зүүдэлж байвал чамд муу юм тохиолдоно
таатай учралууд ар араасаа ирвэл
диваажингаар аялж байгаа нь тэр ..
Цаг хугацаа гэх цагаан царайтай цэнхэр нүдтэй охин
цэнхэр нүдээрээ чамайг харна...сүүлчийн урт ба богино
амьсгалаа татахад...
Цаг хугацаа гэх..,
Цагаан царайтай, цэнхэр нүдтэй, улаан ягаан уруултай охиноос
салан хагацах болно...дэндүү залуу дур булаам хонгорхон охин
хэлэх сүүлчийн үгийг чинь сонссон ч сонсоогүй царайлна.
Биднийг өөртөө хайртайг гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ..
харин чамд хайртайгаа хэзээ ч хэлэхгүй...дурлал хайрын ухаан нууцаар боловсорсон охин шүү дээ.
Цаг хугацаа гэх нисдэг улаан гуталтай охин, цэнхэр нүдтэй
Цэнхэр тэр нүдээрээ чамайг үднэ...
Цаг хугацаа таван настай охин
Цаг хугацаа мөнхийн таван настай охин
Цэнхэр нүдтэй тэр охины сэтгэхүй би танина
хэвлүүн, хэрцгий, ихэмсэг, хийсвэр, эрх хонгор тэрээр
хагацаж чадна.. хэн ч түүнийг чадварыг үл гүйцнэ
хангалуун баян айлын охин шиг,
хувирамтгай, ядуу айлын хүйтэн ухаантай охин шиг,
хачин сонин цаг хугацаа-цэнхэр нүдтэй охин юм.
Цэнхэр нүдтэй таван настай
Цаг хугацаа гэх охин надтай наадан тоглохыг үл мэдээд
Цэнгэл ба зугаацал, тоглоом ба шоглоомонд нь
Чин сэтгэлээсээ би итгэн уйлан инээх гэж..!!!

B. Batregzedmaa (REGZED)

Comments