Өөрчлөлт-1

"Өөрчлөлт" цувралын энэ удаагийн дугаараар гээд сүртэй эхлэх үү хэхэ. Балетаар хичээллэсэн сар гарангийн хугацаанд биед гарч байгаа өөрчлөлтүүдийг тэмдэглэн үлдээхээр шийдэв ээ. 
1 сарын 21-нд анх балетын хичээлд явж эхлээд нийтдээ 9 удаагийн хичээлд хамрагджээ. Цагаан сар болон бусад шалтгаанаас болж 2 ч удаа тасалдсан ч бүр 7 хоногоор нь тасалсан тохиолдол гараагүй. Ганцаарчилсан байдлаар багштайгаа тулж ажилладаг болохоор үр дүн нь илүү сайн байгаа байх гэж найдаж байгаа. Багш хичээлд орох бүрд энэ чинь тэгсэн байна тэр чинь тэгсэн байна гэж урам өгөх зүйлсийг хэлж байгаа ч өөрт мэдэгдэх нь бараг үгүй л байна.
Одоогийн байдлаар нүдэнд харагдахуйц гарсан өөрчлөлт гэвэл хүзүү, эгэм, мөрний яснууд илт тодорч харагддаг болсон байна. Угаасаа балетын дасгалууд хүний цээжийг илүү их хэрзийлгэдэг харин эсрэгээрээ хөл, гуя, өгзөгний булчингууд нь чангардаг гэсэн. Удахгүй тэгээд хэнхдэг дээрээс нь хавиргыг нь тоолж болох хэмжээнд хүрэх байх аа хэхэ. Багшийн гол хэлдэг үг нь ходоод, гэдэс, давсаг гурвыг цаанаас нь нэг юмаар оосорлоод татаж байгаа юм шиг татах тэгэхдээ мөн өгзөгөө татах яг хоёр юмны завсарт хавчуулагдсан байгаа шигээр мэдрэх хэрэгтэй гэнэ. Бас энэ үедээ далаа аль болох цээжиндээ нааж буулгаад хүзүүгээ толгойныхоо оройноос утсаар татуулж байгаа юм шиг мэдэрч өргөх хэрэгтэй гэнэ. Мөрөө сайн буулгаад энэ байрлалыг сайн авбал хүний хүзүү чинь ургадаг юм. Чамаас бол овоо урт хүзүү ургах ёстой гээд л хэхэ.

Comments