Dream Dinner

2015-07-13
Энэ өдөр номын сангаа олох гэж бараг 2 цаг төөрөөд 2 удаа цагдаагаас асууж байж олж очсон гэж байгаа. Гадаа ядаж байхад маш халуун байсан. Тэгээд өдөржин номын санд суугаад оройн нэгэн эртний танилтайгаа болзсон ёсоороо Ичигаяа буудал дээр уулзлаа. Юу идмээр байна, хаашаа явмаар байна гэж байснаа Унаги (eel-могой загас) идэж үзсэн үү ойрхон алдартай ресторан байгаа гэлээ. Би ч дотроо миний бодлыг яаж таасан юм бол оо гэж бодоод тийшээ явъя гэлээ. Үнэндээ би унаги идэж үзэхийг үнэхээр хүсэж байсан юм. Камбожод могой загас идэж үзсэн боловч японд идэж үзээгүй байлаа. Тэнд идсэн нь голдоо ястай тийм гэх сүртэй сайхан амтгүй эд байсан санагдана. Ресторан дотор нь могой загас нь аквариум дотор явж байснаас сонгож байл уу яалаа. Ичигаяа буудлаас ойрхон алхаад хүрэх газар нөгөө ресторан байдаг юм байна. Жижигхэн хөөрхөн уламжлалт маягийн ресторан байлаа. Харамсалтай нь би нэрийг нь тогтоосонгүй ээ. Гэхдээ энэ савхны боодол дээрх шиг Ү үсэг гадаа нь харагдаж байсан. Дараа уулзахдаа нөгөө хүнээсээ асууя даа.
Хоол болтол шийр зугаа, хэхэ

Үнэхээр сайхан амттай байсан шүү. Одоо зургийг нь харсан арааны шүлс асгарав.

Нэг нэг хундага сакэ тогтооцгоов.
Хоолны дараа тэндээс холгүй байх эзэн хааны ордны усан хэрэм дээр өнөө орой дэнлүү хөвүүлнэ тийш явъя гэлээ. Эхлээд гэгээ тасраагүй байхад дүүрэн завьтай хүмүүс байснаа гадаа харанхуй болж эхлэхэд тэдгээр хүмүүс дэнлүү асаан хөвүүлж эхэллээ. Харууц сайтай газрууд бүгд хүнээр дүүрсэн байсан тул бид хоёрт олигтой газар олдсонгүй. Гэхдээ өнгө өнгийн дэнлүү хөвөхийг  харангаа, тэнд эшиглэх дууг хоёул даган дуулж байлаа.


Энд бид хэсэг саатаад өөр нэгэн баяр болж байгаа ойрхон орших сүм рүү явлаа...

Comments