Anime Sunday

Өнгөрсөнгийн өнгөрсөн 7 хоногийн бүтэнсайн өдөр хоёр анимэ үзлээ.
Нэг нь төлөвлөж байсан ёсоор "Үгсийн цэцэрлэгт хүрээлэн" (Хайрын цэцэрлэгт хүрээлэн гэсэн нэрээр Монгол-Япон төв дээр гарсан), нөгөөх нь огт төлөвлөөгүй "Гэрэлт цохын ой руу" гэсэн хоёр анимэ байлаа. Төрсөн сэтгэгдлүүдээ доор сийрүүлбэл:


"Үгсийн цэцэрлэгт хүрээлэн"
Бүрхэг тэнгэр, чийгний үнэр, усанд угаагдсан навчисын тод ногоон өнгө, бороон чимээ, гэгэлзсэн мэдрэмж гээд борооны улирлын тухай санагдуулах нь сайхан байлаа. Би одоо ч цонхны цаана шиврэх бороон дууг шөнө зүүдлэнгээ гадаа бороо орж байна гэж боддог шүү. Энэ үеээр угаасаа хүний сэтгэл мэдрэмтгий уяхан бас гэгэлзүүр болдог мэт төгөлдөр хуурын аялгуу шиг борооны улиралтай төгс зохицох зүйл гэж үгүй.
Киноны тухайд тийм ч гайхаж биширмээр биш яахавдээ л түүх бас төгсгөл. Харин бүсгүйн хэлдэг танка сонин содон аятайхан санагдав. Энэхүү танка нь Японы сонгодог яруу найргийн гол төлөөлөгч Manyoshu-гийн алдартай танка байсан юм байна. Найруулагч Manyoshu-д их дуртайгаа энэ анимэгаар харуулж ер нь энэ анимэний гол утга санаа нь энэ танкагаас үүдэлтэй гэж уншлаа.
Бүсгүй анх залуутай таараад ингэж асуугаад салан явдаг:
 鳴る神の  
少し響みて 
さし曇り 
雨も降らぬが
君を留めむ

Аянгын дуун
Бүрхэг тэнгэр
Аадар орсон ч
Чи миний дэргэд байх уу?
Залуу сүүлд нь түүнтэй цэлмэг өдөр таараад хариултыг нь ингэж хэлдэг:
 鳴神の 
少し響みて 
降らずとも 
われは留らむ 
妹し留めば

Аянгын дуун
Аадар орсон ч, эс орсон ч
Би энд байна
Чамтай цуг


Залуу бүсгүйд хандан уураа гаргадаг хэсэгт угаасаа л харилцан бие биедээ ижил тэгш мэдээлэл өгөхгүй юм бол дараа нь хууран мэхлэгдсэн, дорд үзэгдсэн эсвэл ашиглагдсан юм шиг мэдрэмж төрдөг нь үнэн билээ. Би ч гэсэн ихэнхидээ өөрөө долоон булчирхайгаа тоочоод ихэнхи хүмүүсээс ямар ч мэдээлэл авч чадахгүй хоцордог хүний нэг байсан.
Энэ анимэны нь дуу нь харин үнэхээр гоё. Орчуулах санаа байвч одоохондоо онгод, зав аль нь ч алга. Уул нь борооны тухай ганц дуутай болохгүй бол орчуулсан дуун дотор минь бараг байдаггүй юм билээ. Дандаа цасны тухай л байна лээ.

 "Гэрэлт цохын ой руу"
Анимэ үзсэн дарааллаа бодвол зуны эхэллээс зуны туйл руу гэсэн дарааллаар явсан юм шиг. Дараагийн кино маань аагим зуны халуун, баяр наадмыг харуулсан байлаа. Борооны улирал дуусмагц эхлэх бүгчим чийг даасан халуун агаар хамаг биеийг бүчин, шөнө унтаж чадахгүй тэлчлэх зуны хэдэн сард би үнэхээр дургүй. Гэхдээ энэ үед болох хамгийн сайхан зүйл нь зуны баяр наадам билээ. Баяр наадмын хаалт болох салют буудуулах мөч хамгийн онцгой нь гэрэл цацарсан салют баяр баясгаланг тархинд бас зүрхэнд зэрэг харвах шиг санагддаг юм.
Киноны тухайд өө ингээд л ийм амархан дуусчиж байгаа юм уу гэж бодсон. Харин охин, ойн хий үзэгдэл залууд дурлачихаад эргэн тойрноо огт анзаарахаа больдог хэсгийг хараад би ч бас заримдаа их бодолд дарагдахаараа зүүдэн өвчтэй хүн шиг хаана явж байгаагаа ч анзаарахгүй болдогоо санав.


Төгсгөлд нь хэлэхэд иймэрхүү маягийн анимэ надад арай залуудаж байх шиг. Хүүхдүүд үзвэл хөөрхөн кино санагдах байх :) Угаасаа өмнө санаандгүй нэг дуу орчуулсан чинь 5 centimeters per second гэдэг анимэний дуу байж таараад блог уншигчид их мэдэж байсан. Зун телевизээр гарч байхыг нь үзсэн чинь юу ч ойлгоогүй :P

Comments

  1. Anime бас романтик байдаг байна

    ReplyDelete
  2. Anime yag l bodol hvsel ter chigeeree ih romantic ldaa ghdee taalagdaad bdiin goyo anime bol

    ReplyDelete
  3. dyy n ih goyo yum bnlee shvv The Garden of Words
    bi ene dyygii n ter negen bvsgvi rvv yabyylaad l haysan kk

    ReplyDelete

Post a Comment