Хоёрхон алдаа

Хоёр хоногийн өмнө цоо шинэхэнээр нь байхад энэ мэдрэмжээ бичсэн бол хамаагүй илүү байх байсан даа гэж бодсоор үүнийг бичиж сууна. Завгүй амьдралын хэмнэлээс болоод хоёрхон хоногийн өмнөх зүйл хорин хоногийн өмнө болсон аятай санагдах болж дээ.
...13 цаг хүртэл хүн хүлээх зуур "цаг алах" хэрэгтэй байсан тул номын дэлгүүрт ороод тасгуудаар нь дэмий нэг тойрсоноо уран зохиолын хэсэгт очоод Л.Өлзийтөгсийн "Хотын үлгэрүүд" номыг шүүрч аваад хуудсуудыг нь эргүүлэв. Тэгснээ арын гарчиг дундаас "Хоёрхон алдаа" гэсэн нэр содон тусахаар нь хуудасны дугаарыг тогтоож аваад хайж олонгуут уншиж эхэллээ. Газарт гадсаар хадагдсан мэт хөдлөх ч үгүй нам зогсоод уншаад л уншаад л цаг хугацаа их өнгөрсөн шиг санагдаад цагаа хартал дөнгөж 5 мин өнгөрсөн байлаа. Хэдэн хуудас үлдсэнийг нь хартал дөнгөж талдаа орж байв. Ямар ч урт юм уншаад эхэлчихэв дээ гэж бодсон ч дуустал нь унших сонирхол төрж байв. Хамаг биеээ чангалчихаад номын хуудсуудыг хурдтай гүйлгэн уншихдаа үйл явдлыг нь дотроо төсөөлөн хардагаараа харж, үе үе инээмсэглэж, үе үе санаа алдаж байгаагаа анзаарав. Хэрэв хөндлөнгөөс намайг харсан бол гажигтай юм шиг харагдах байсан болов уу? Үнэхээр ч энд зохиолч баатруудынхаа үйл хөдлөл, догдлол мэдрэмжийг сэрвээний үс бостол гайхалтай дүрслэн бичсэн байсан тул ийм мэдрэмж бас байдаг байх нээ, ингэж бичиж бас болдог байх нээ гэж дотроо шогширч байлаа. Уншиж дуусаад тавиур дээр номоо буцааж тавиад үүд чиглэн алхсанаа Best seller номын тавиуруудын тэнд очоод учир утгагүй ширтэн зогсов. Миний ухаан санаа уншсан номынхоо хуудсан завсар хавчуулагдаад үлдсэн мэт. Харин толгой дотор минь "Хэрвээ би өнгөрсөнөөс хоёрхон алдаагаа засая гэвэл юуг засах билээ?" гэсэн бодол зогсоо зайгүй эргэлдсээр байлаа...

Comments

  1. "Хэрэв тэр залуутайгаа дахиж уулзвал юу гэж асуух вэ?" гэдэг асуултны хариултыг уншаад л нулимс асгарчихсан. Дөнгөж сая цайны цагаар уншсан.

    ReplyDelete
    Replies
    1. Үхэх дөхөхөөр залруулмаар санагдах алдаа гарч ирэх л байх. Харин энэ туужийг уншсаны дараа бол би бодож бодож нэг алдаа олсон. Гэхдээ засмааргүй санагдсан. Засчих юм бол одоогийн би байхгүй, энэ блог ч байхгүй байсан байж магад...

      Delete
    2. фэйсбүүк дээр өлзийтөгс яруу найрагчийн фэн групп гээд групп байдаг ш дээ тэнд элсээд ороод сонирхоорой би байнга ордог юм, хоёрхон алдааны тухайд үнэхээр гоё өгүүллэг байна билээ, гэрийн номын сан өлзийтөгс зохиолчийн номнуудаар дүүрээд л байна, уншчихсан хэрнээ дахиад уншихад дахиад л өөр юм уншигдаад байдаг гоё шүү

      Delete
    3. Би эсэргүү үзэлтэй болохоор бүх хүмүүс дурлаад байгаа юмыг сонирхмооргүй байдаг болохоор Өлзийтөгсийг уншдаггүй байлаа. Гэхдээ ганц нэг удаа иймэрхүү санаандгүй байдлаар уншдаг юм, хэхэ.
      Алдааны тухайд би лав хайр дурлалтай холбоотой юм засахгүй. Тэрэнд алдаасаад байх юм байгаа гэж би харахгүй байгаа. Харин мэргэжлээ сонгох үедээ очиж өөр юм сонгодог байж уу гэж нэг бодсон, хаха. Тэгсэн бол одоо байгаагаасаа лав дээрдүүлнэ үү гэхээс дордуулахгүй л амжилттай байх байсан даа.

      Delete
  2. Tiim bolohoor hiihiig hussen yumaa ali boloh bieluulj, bieluulj chadahgui bol terendee shanalahgui setgelee chuluuluh heregtei gj oilgoson .

    ReplyDelete
  3. Өглөөний мэнд. Зүгээр сонирхож дээрх үгүүллэгийг уншлаа. Гэхдээ нэр оновчтой таараагүй юм шиг санагдсан. Алдаа гэхээр алдаа биш юм шиг санагдсан. Харамсал тал руугаа юм биш үү. Тэр үед би тэгэх минь яав даа. Учир нь тэр эмэгтэй өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юм биш үү. Минийхээр зүгээр сайхан дурсамжаа л илүү сэтгэлдээ хоногшуулах гэсэндээ харамсаж байгаа бололтой.

    ReplyDelete

Post a Comment