Record my day _ Nov 3

11 сарын 3


6.59 гэж сэрсэн боловч босоогүй буцаад унтсан. 9.30 үед боссон байх. Өнөөдөр 3 хүний төрсөн өдөр байсан тул янз бүрийн байдлаар мэндчилгээ дэвшүүлсэн.

Өдөр блогтоо нэг пост хийгээд дараа нь айлд очиж обой наалцахаар явсан.

Чи мэргэжлийн хүн юм чинь гайгүй байлгүй дээ гэнэ ээ. Ёстой тийм юм байхгүй барилгын компанид байхдаа хүмүүсийг "Алив цэх наа, цэх наа" гээд зогсож байснаас өөрөө нааж үзээгүй хүн шүү дээ гэж үнэнээ л хэллээ, хэхэ. Гэхдээ яахав харсан тогтоосон зүйл бол байна аа байна.
Эхлээд цавуугаа бэлдсэн. Одоо үед ч хурдан найрагддаг цавуу бий болсон юм байна. 3 мин гэнэ үү.  Дараа нь обойгоо тааруулж хуваана. Хээтэй обой байсан болохоор хээ тааруулалтаас хаягдал их гарч байна лээ. Уул нь цаасан дээр нь хээний давтамж (design repeat) хэдэн см гээд байдаг юм билээ. Өө нээрээ бас цаасан дээр сумтай тэмдэглэгээ байдаг нь 2 талаас сумтай бол ирмэгийг нь тулгаж наадаг, нэг тал руу заасан сумтай бол давуулж наадаг гэсэн үг шүү.

Цавуугаа обойндоо багсаар жигдхэн түрхэнэ. Ирмэг хөвөөг нь ялангуяа цавуудахгүй үлдээхээс сэргийлэх хэрэгтэй. Уул нь томхон гялгар уутан дээр дэлгэж тавиад цавуудвал зүгээр ч байхгүй бол эхэлж зүсэж бэлдсэн обойнуудаа доош харуулаад хоёр ширхэгийг хагас зөрүүлээд дээр нь 3 дахийг нь тавьж цавуудах зарчмаар явбал зүгээр байдаг.  Ханынхаа гадаргууг сайн бэлдсэн бол сайн л наагдана. Цавуудаж бэлэн болсон обойгоо өргөж наахдаа зах ирмэг дээрээс нь огт барьж болохгүй жаахан алсуур барих хэрэгтэй. Ирмэгээс барьвал цавууг арчиж дараа наасан хойно ирмэг нь наалдахгүй сөрвийнө. Наахдаа ирмэгээ  дунд нь зай үүсгэхгүй, эсвэл давуулахгүй сайхан тааруулаад дараа нь эсрэг чиглэлд нь хөөж наана. Ингэхдээ шар өнгийн хуванцар шпателиар татвал жигд сайн наагддаг.
Обой нааж байхад хаалга цонхоо онгойлзуулахгүй байвал наасан обойнд хаван үүсэхгүй сайн талтай. За бас наасан обойнд хий үүсэж бөмбийвөл зүүгээр жижигхэн цоолж хийг нь гаргаж болдог. 
Айлд обой наалцсаар орой харьж ирээд орондоо ороход 23.04 болж байв.

Өнөөдрийн пост обой хэрхэн наах хичээл болчихов уу даа, хэхэ.
 

Comments