ДУГУЙ ХЭЭТЭЙ ТОРГО

Нэг л мэдэхэд би өөртөө гунигийн хөх торгон дээл урлажээ
Нэг л мэдэхэд би гунигийн хөх торгон дээлэндээ дасчээ.
Хөх торгон гуниг минь, чамайг өмссөөр уйджээ би.
Хөх торгон дээл минь чи ч бас сэмэрчээ.
Хичнээн удаан ийм дээлтэй явах вэ дээ. Хуучирчээ чи.
Уйтгар, гунигаас минь, торгоны хээ шиг дурсамж тодроно.
Уран нарийн, үүлэн хээнд чинь болдог байлаа.
Өнгөрснөөрөө амьдрахаа би өнөөдрөөс болилоо.
Өнгөрсөнөөс бүтсэн хөх торгон гуниг минь чамайг би тайллаа.
Одоо би нүв нүцгэн байна. Огт өөр өмсгөл дээл хүсч байна.
Ирээдүйгээс гэрэл татаж, эхний мөрөөдлөө утас болгов.
Сайхнаас сайхан цэцэгс шагалж мэтгээд, өлзий хээ урлав.
Санааны түмэн өнгө дэлгэрээд, цэцэгсийн мандал бүтэв.
Сац ерөөл дэмбэрэлийн усан цэнхэр угалз учруулан зохиов.
Сар ба нарыг мөрлөв. Хас ба алхан хээгээр энгэрээ эмжив.
Сэтгэл сүнс хийгээд бие баясаг гэж солонгот тогос шувууг
Сүр сүлд хийморь асаг гэж алтан эвэрт лууг урин дугуйлав.
Мөр бүтэн яваг гэж мөнгөн товч бөхлөв.
Мөнхжин энхжиг, бие хэл сэтгэл баясан цэнгэх болтугай!

b.batregzedmaa (REGZED)

Comments