Дурсамжийн жимээр аялахуй

6 хоногийн дотор 2525 км замыг туулсан аялалаас  уржигдар буцаж ирлээ. Өнгөрсөн Даваа гаригийн үүрийн 4 цаг гээд хөдөлсөн бид орой 19 цаг гэхэд 950 км замыг туулж зорьсон газраа ирэв. Энэ нутагт би 3 юм уу 4 настайдаа л нэг хоёр ирж байсан. Түүнээс хойш хорин хэдэн жилийн дараа сая л нэг очиж байгаа нь энэ. Хэдийгээр би тэр үед балчир хүүхэд байсан ч хэзээ ч санаанаас гарамгүй тодхон дурсамжууд үлдсэн байдаг.



... Аавтайгаа моринд сундлан цэцэг алагласан хөндийгээр явж байсансан. Дөрөө шүргэм өндөр өнгө өнгийн цэцэгсээс шүүрэн аавынхаа малгайд хатган өмсөж байсан. Бас нэг агуйд очоод хадны ирмэг дээр сууж байсан цэнхэр шувууг "Энэ хойлог гэдэг шувуу" гэж аав ярьж байсныг, хад асга нураан давхилдах янгирын сүрэг харснаа санадаг. Тэгээд нагацындаа очиж аав биднийг үлдээгээд гэрийн эрчүүдтэй үнэгний анд яваад хэд хоноод ирэхдээ тошлог жимс дурангийнхаа гэрэнд дүүрэн түүсэн ирсэн нь арааны шүлс асгаруулам исгэлэн байсныг ч санадаг...

Энд одоо харин гандуухан байлаа. Сүүлийн хоёр сар бороо ороогүй гэнэ. Цэцэг алаглан байдаг хөндий 2 жилийн өмнө царцааны нүүдэлд дайруулаад одоо цэцэг байтугай өвс ч тачирхан харагдана. 2002 оны зуднаар хамаг мал нь хиарч, тэрнээс хойш овоо гайгүй болж байтал 3 жилийн өмнө ахин зуд болж үхэр гэдэг мал энд үзэгдэхгүй болжээ. Манай нагацынх бог голдуу долоон зуугаад малтай. Одоо хоёр зуун ямаа саадаг. Тэр үед "Алив ямаа саа" гэж намайг цаашлуулахад нь "Яамай, яамай. Би ямаа саахгүй. Онц сураад онгоцонд суугаад Москва, Ташкент явна" гэж ярьсаныг дурсан нагац маань хөхөрнө. Гурав дөрөвтэйдээ зорилгоо тодорхойлсон сүрхий амьтан байжээ би, хэхэ.
Дотроо битүүхэн ууланд дүүлэх янгир харахыг хүлээж байсан ч дайралдсангүй. Харин үнэг, хярс харлаа. Бас дээр нь тарвага, зурам, үхэр оготно, шар чичүүл, үлийн цагаан гээд элдэв дээдийн мэрэгч л баахан дайралдав. Тэд газрын хөрсийг гамшиг болтол нь нүхэлжээ.

Энэ хадны орой дээр авирч гараад ийш тийш хэдэн зураг дарав.

Хуучин цагийн хошуу ноёны онгон. Тахилгатай овоон дээр эмэгтэйчүүд гарахгүй ээ. Энэ уулнаас ан хийх байтугай аргал түүх хориотой.
Хутаг нуур
Бүргэд
Шөнөдөө горхины ус зайрмагтан хөлдөж хонох сэвэлзүүр хүйтэн салхитай энэ нутагт бид 3 хоноод аянд ахин гарлаа. Харин очсон газар маань тэнгэрт бүртийх үүлгүй шатаам халуун нар гардаг. Хүйтний туйлаас халууны туйл руу аялсан аялал боллоо.

Говийн зэрэглээ
Монголын хамгийн үнэтэй шатахуун энд л байдаг :)
Өглөө
Хар Азаргын нуруу
Заг
Ажилтай айлын аргал түлээ нэг иймэрхүү
Энэ голын усан дундуур ямар ч шувууны юм бүү мэд  шар дэгдээхэй барих гэж гүйж явсанаа санаж байна. Бас "Алсан" хонины мах идэхгүй, муухай амттай гэж амьтан хүмүүсийг дэглэж байснаа санаж байна.

Жаргах наран
Сайхан моментыг камерын тохиргоо буруугаас баллав.
Ботгонууд
Таван хошуу мал байсан ч нэг кадрт оруулж чадсангүй ээ
Хурдан азарга


Айл, адуу мал байтугай шувуу ч ховор нисэх хоолойг гатлан харьж явна аа. Энэ хоолойг гатлах зуур машинд нэрийг нь үл мэдэх нэгэн дуу эгшиглэх нь гадаах үзэмжтэй төгс хосолж байлаа.



Байдрагийн голын эрэгт гармаар гарахын өмнөхөн хэдэн зураг дарж амжив.
Цахлай

Энэ удаагийн аялалаас нэг л сайхан тайвширлыг олж тархи толгой сэргэх шиг болов.

Comments

  1. shathuun 95 ni yamar unetei yum be, baragiin hun avahguinee, ;)

    ReplyDelete
  2. Ямар сайхан зургууд вэ? Ёстой сайхан авчээ.

    ReplyDelete
  3. Ugluu zurag hamgiin ih taalagdav. Saihan ayaljee

    ReplyDelete
  4. Хар Азаргын нуруу Ямар аймгийн ямар суманд байдаг юм ?

    ReplyDelete
  5. Зураг болгон л энэ бол Алтай гээд байна.

    ReplyDelete

Post a Comment