Sensei

Идэр залуу 20 хэдэн наснаасаа эхлээд амьдралынхаа 40 шахам жилийг дэлхийн 30 гаран улсад ажиллаж амьдарч бүтээж өнгөрөөсөн миний багш гайхалтай хүн. Японы барилгын инженерүүдийн холбооны дэд ерөнхийлөгч асан, Японы шилдэг барилгын инженерүүдийн нэг энэ хүний амьдралын түүх яг кино шиг.

Япон улсын ид бүтээн байгуулалтын үе буюу 1960-аад онд шинэхэн төгссөн залуу инженер японы барилгын хамгийн том компанийн нэг Тайсэй корпорацид хэрхэн амрах завгүй ажилладаг байснаа бидэнд хааяа дурсдаг байлаа. Их ажиллаж их мөнгө олдог байсан ч үрэх завгүй байснаас хаа нэг үеийн залуу инженерүүд нэг шөнийн дотор хэн хамгийн их мөнгө үрээх вэ гэж мөрийцдөг байсан гэнэ лээ.
Удалгүй компаниасаа томилогдон хилийн чанад дахь төслүүдэд ажиллах болж хэцүү бэрхийг туулж явахдаа тохиолдсон зүйлс нь аймаар бас гайхмаар. Колумбын хар тамхины дайны үеээр хэрхэн амьд гарсанаа, Африкт хамт ажиллаж байсан япон инженерүүд нь бүгд малари тусаж зарим нь амиа алдаж байсан гээд олон түүхийг өгүүлдэг байлаа.
Хожим барилгын компаниас гарч Токиогийн их сургуульд доктор хамгаалаад багшлах болсон юм. Үүнээс хойш докторын ажлыг нь удирдаж төгсгөсөн шавь нарынх нь отгон нь би. Миний өмнө 7 доктор удирдаж төгсгөсөний нэг нь манай багшийн хамгийн их бахархдаг хүн билээ. Тэр хүн Америкийн барилгын инженерүүдийн холбооны түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд одоо National Science Board-ийн гишүүнээр ажилладаг.
Аливаа зүйлийг өөрийн оюун ухаанаар бодож байж шийдэлд хүрэх ёстой гэсэн үзэлтэй багш маань "Өөрөө бүхнийг хий би юу ч хэлж өгөхгүй" гэж бүх шавь нартаа хэлдэг. Бас "Мянга сонсохоор нэг үз" гэдэг үгийг зарчим болгодог байснаас "Чамд явахыг хүссэн, үзэхийг хүссэн газар байвал би чамайг ертөнцийн хаашаа ч явуулна" гэж хэлдэг байлаа. Энэ үгэндээ ч хүрч энэ блогт дурьдсан улс орнууд руу намайг судлагаа шинжилгээний зорилгоор явуулж байсан юм. Бас маш олон ажил мэргэжлийн маш олон мундаг эрдэмтэн, инженер хүмүүстэй уулзуулж өгдөг байлаа.
Насандаа баймгүй хөнгөн шингэн ажилсаг энэ хүн хэзээ унтаж амардаг юм бэ гэмээр ажилладаг. Манай сургуульд багшлахаас гадна хэд хэдэн компанид зөвлөхөөр ажиллана. Бас дээр нь төрийн бус байгууллага гээд их завгүй. Салбарын яамнаас ч сайд нь урьж зөвлөгөө авах нь элбэг. Олон улсад ч гэсэн нэр хүндтэй тул уригдан зөвлөгөө өгнө. Вьетнамд баригдаж байсан гүүр нурахад ч түүнийг дуудна, Жакартад метро барьж буй ажил дээр ч түүнийг дуудаж зөвлөгөө авна. 7 хоногт хичээлтэй 2 өдрөө л сургууль дээр ирэх бөгөөд бусад үед ихэвчлэн Токио болон бусад хотуудад ажилтай явна. Багшийн нарийн бичиг бид 2 хошигнон "Сэнсэй одоо Японы тэнгэрт хаа нэгтээ нисэж яваа даа" ярилцдаг байлаа. Бас дээр нь сардаа бараг 7 хоног гадаад томилолттой байдаг байлаа. Тийм болохоор багштайгаа и-мэйлээр голдуу харилцана. Түүнд ажлын өдөр 50-60, амралтын өдөр 30-40 и-мэйл ирдэг тэдгээрийг уншиж хариу бичихэд өдөрт 2-3 цаг зарцуулдаг гэж нэгэнтээ дурссан.
Энэ их ажлынхаа хажуугаар бас зүгээр суухгүй хөлөг онгоц урлах бөгөөд өнгөрсөн жил 13 хөлөг онгоц урлаж үзэсгэлэн гаргасан гэнэ лээ. Хөлөг онгоц урлах бас энд тэндээс авсан хөлөг онгоцуудаа тоноглож сайжруулж суухад шинэ санаа олноор төрдөг гэж ярьж байж билээ. Бас дээр нь эртний модон голдуу эдлэл сонирхон цуглуулах бөгөөд ажлын өрөө нь музей шиг байдагсан. Намайг дагуулж гадагш явахдаа ихэвчлэн тэндэхийн түүхийн музейг үзүүлдэг байлаа.
Бас хамт очсон ихэнх газруудын сүүлийн дөч шахам жилийн түүхийг нь мэддэг байлаа. 1970 онд энэ барилга чинь одоо энэ хотын хамгийн өндөр барилга байлаа шүү дээ. Энэ хавь хоосон байсан гэж ирээд л ярина.
Залуудаа жудогоор хичээллэж байсан гэх бөгөөд одоо хааяа морь унах хоббитой. Англи, Испани, Индонези хэлээр ус цас шиг ярьдаг. Хаа нэг машинд хамт явахад Индонези дуу аялдагсан.
Багш маань анх харахад гаднаасаа хүйтэн хямсгар харагддаг ч дотроо зөөлөн дулаан сэтгэлтэй гэдгийг нь хэдэн жил хамт байхдаа мэдэж  билээ. Вьетнамд явж байхдаа энэ удаагийн аялал чамд ээлтэй байхыг хүсэж би үүнийг авлаа гээд нэг сахиус шиг зүйл бэлэглэж байж билээ. Тэр жил би осолд ороод их бүтэлгүй байснаас санаа зовсондоо тэгсэн биз.
Миний амьдралыг хамгийн сайхнаар өөрчилсөн энэ хүнд би ихэд талархаж явдаг бөгөөд одоо өдөр бүр биш ч санах тоолондоо амандаа аяархан "Arigatou, sensei. Ogenkide" (Баярлалаа, багш аа. Эрүүл энх байгаарай) гэж шивнэдэг дээ.
Харин одоо би багштайгаа адилхан олон улсын том том дэд бүтцийн төслүүд дээр ажиллах юмсан гэж мөрөөдөж явна.
Багшийгаа урт удаан насалж улам ихийг хийж бүтээгээсэй гэж хүсье.
Багш гэдэг үг "Чигийг заагч" гэсэн утгатай санскрит үг харин 先生 (Sensei ) гэсэн япон үг адил утгатай гэж бодно.

5/6/2013, 9:02 AM

Comments

  1. ямар гайхалтай багш бээ .. сайхан санагдаж абйнаа

    ReplyDelete
  2. МөнхжаргалMay 6, 2013 at 9:48 PM

    Сайхан бичлэг болжээ. Багшийн эрдэм шавьд гэдэг. Чи ч бас ажил хэрэгч төслүүдэд оролцож өөрийн хувь нэмрийг оруулан ул мөрөө үлдээгээд тэр их мэдлэг, туршлагаасаа залуу хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна.

    ReplyDelete
  3. Манай сэнсэй бас яг ийм хүн. Ямар завандаа хийж амжуулдаг юм бэ гэмээр асар их ажлыг хийсэн хийсээр ч байгаа. Ийм мундаг хүмүүстэй учрах заяатай бид бас азтай хүмүүс шүү.
    Аан тийм, сүүлийн өгүүлбэр дэх мөрөөдлийнхөө төлөө зүтгээрэй.

    ReplyDelete
  4. Waa, барилгын инженер байсан юм уу? Өөр мэргэжилтэй гэж төсөөлөөд байсан юм. Мундаг юм аа.

    ReplyDelete
  5. Ийм мундаг багшийн мундаг шавь сурсан эрдмээ эх орондоо гаргаарай!

    ReplyDelete
  6. Mundag bagsh bainaa. Uneheer sn bagsh. Iim blhr l yaponchuud bagsh naraa ih hundeldg bh n. Madadoyo-g uzeed sn oilgohgui bsn yum.

    ReplyDelete
  7. Би бас барилгын инженер... Одоо 26-тай японд магистр хамгаалаад тэндээ ажиллаж ажлын туршлага судлах зорилготой... 1 жилийн дотор япон хэл судлаад магистрт хангалттай хэлний түвшинтэй болно гэхэд үнхээр эргэлзээтэй л байна. Гэхдээ сонингийн тэтгэлэгээр явхаар бэлдэж байна. Үнэндээ харанхуй л хүн байна ямар ч байсан боломжтой хийгээд хүн яваад сураад болдог бол яваад үзий л гэж бодож байна. Магистрийн түвшиний япон хэлний тухай мэдэх зүйлээ бичээч?

    ReplyDelete
  8. Бас боломжтой бол блогоос өөрөөр холбоо барьж болох болвуу?

    ReplyDelete
  9. Engineer hunii muruudliin amidral l iim bdg bhdaa.

    ReplyDelete

Post a Comment