Хэл суралцаж буй түүх минь (Especially for Amethyst)

Нэгэн блог уншигчийн хүсэлтээр энэхүү бичлэгийг хийхээр шийдэв. Өмнө хүмүүс сэтгэгдэл байдлаар асуухад тухайн үед нь хариулаад өнгөрсөн болон өөр бичлэгүүдэд цухас цухасхан дурьдсаныг минь анхааран уншсан уншигч одоо бичих зүйлсийг өмнө уншсан мэт санагдаж болох юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн би гэдэг хүний л хувийн туршлага юм шүү. Үнэндээ хэл усны нэг их төрөлх авъяас бас байхгүй талдаа хүн л дээ.

Монгол хэл
Мэдээж миний төрөлх хэл учир ямар ч гадаад хэлнээс илүүтэй суралцсан байх нь дамжиггүй. 7 настайдаа сургуульд орж бичиг үсэг тайлагдсан цагаас олон янзын ном уншиж монгол хэлний мэдлэгээ баяжуулсан билээ.  Манай гэр номоор дүүрэн. Хаашаа л харна хаа саагүй янз бүрийн ном ихтэй айл байлаа. Зах зухаас нь шүүрдэн уншсаар бараг ихэнхийг нь дуусгасан санагдана. Сүүлдээ хажуу айл, ангийн хүүхдүүдээс ном зээлж сольж уншдаг байв. Хоол идэхдээ хүртэл ном уншихгүй бол хоол идсэн болдоггүй үе ч байлаа. Энэ их уншлага 15 нас хүртэл минь үргэлжилсэн юм. Одоо эргээд бодоход 10 настай жаахан охин Тургеневийн "Анхны хайр", Л.Түдэвийн "Оройгүй сүм"-ийг уншаад юуг ухаарах билээ.
Энэ блогийг анх нээхдээ монгол хэлээ мартахгүй, дадлага хийж байх гэсэн зорилго бас давхар байсан юм шүү.

Орос хэл
Дунд сургуулийн 5-р ангидаа анхны гадаад хэл болох Орос хэлийг судлаж эхэллээ. Энэ миний хамгийн бага насандаа эхэлсэн тэгээд хамгийн олон жил суралцсан хэл юм. Их сургуульд их хатуу багшаар заалгаж байснаас мэргэжлийн номоо унших хэмжээнд хүрсэн ч ойрын үед нэг их хэрэглээгүйгээс энэ хэлийг одоо би мэддэг гэж хэлэхэд ичмээр болжээ. 

Англи хэл
15 настайдаа Турк сургуульд орсоноор энэ хэлтэй би анх танилцсан. Энд сурах хугацаандаа англи хэлийг цэвэр диктатурын доор суралцсан гэж боддог. Англи хэлийг дүрэм, яриа, уншлага ба бичлэг, сүүлд орчуулга гэх мэтээр салган үздэг байсан. Манай дүрмийн багш нэг цаг үзээд л хэлбэр тус бүр дээр нь 33 өгүүлбэр зохиох даалгавар өгдөг байлаа. Ээ багш аа гэж гомдол мэдүүлбэл 33 өгүүлбэр бичих байсныг шууд 66 юм уу 99 болгож нэмэгдүүлдэг байлаа. Гэрийн даалгавраа хийх гэж их л түүртэж өглөөний 4 цагт босоод орон дотроо гүйцээж хийдэг байв. Гэхдээ Турк сургуульд суралцах 3 жилийн хугацаанд англи хэлийг зохих түвшинд сурсан нь одоо миний өдий зэрэгтэй явж байгаад хамгийн их нөлөөлсөн зүйл гэж боддог.  Турк сургуулийн эхний 2 жилд нь эрчимтэй суралцсан энэ хэлээ их сургуульд шалгалтыг нь өгөөд хаалгачихсан болохоор ахиж бараг л шинэ зүйл заалгаагүй өдий хүрчээ. Гэхдээ зүгээр суусангүй хөлстэй хөлсгүй янз бүрийн орчуулга хийх, монгол хадмал орчуулгатай кино үзэх зэргээр үгийн баялагаа нэмэгдүүлж байлаа. Мэдээж диссертациа англи хэл дээр бичсэн. Монголд ирсэн хойноо Блумберг, Люкс ТВ их үздэг байсан нь бага ч атугай сонсох дасгал хийх гэсэн дээ тэр.
Харин яг одоогоор би амьдралдаа анх удаа англи хэлний дамжаанд сууж байгаа. Орой бүр би англи хэлний багшлах эрхийн дамжаанд хамрагдаж байгаа юм. Сурганы нарийн ширийн мэдэхгүй юм их байдаг юм билээ.

Турк хэл
Англи хэл турк хэл хоёрыг яг зэрэг сурч эхэлсэн боловч турк хэлэндээ хамаагүй илүү сайн байлаа. Сурах бичиг нь ойлгомжтой сайхан зураг хөрөгтэй, бас Турк дуу сурч дуулдаг, багш нартай туркээр их харилцдаг гээд мэдээж хэрэглээ их байсных биз. Япон хэлтэй холилдон мартагдаж одоо харин мэддэг гэж хэлэхэд бас л хэцүү болжээ.

Япон хэл
Японд сургуульд явахаа мэдсэний дараа би энэ хэлийг 1 сарын хугацаатай 40 цагийн ганцаарчилсан дамжаанд сууж анхан шатны мэдлэгтэй болсон. Багшийнхаа өгсөн даалгаврыг орой бүр шимтэн хийдэг байлаа. Японд очихдоо ойр зуурын хэдэн үгтэй, хирагана, катакана үсгээ бүгдийг цээжилсэн байлаа. Мэдээж биднийг сургуулиас Япон хэлний хичээлд хамруулж байсан. Эхэн үедээ надад амархан байсан ч сүүл рүүгээ илт хүндэрсэн. Эхний семестер дуусахад би Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р түвшинг, 2 дахь семестер дуусахад 3-р түвшинг нь хангаж байлаа. Харин 3 дахь семестер дуусахад 2-р түвшинд хүрнэ гэж тооцоолж байв. Тэгээд албан хичээлээс гадна хувиараа ханз үзэж эхэлсэн юм. Янз бүрийн интернет эх үүсвэр, ном ашиглан ханз суралцахад англи хэлийг суурь болгож байлаа. Оройн цагаар ханзаа судлан дуудлага, тайлбарыг бичиж аваад бага ангийн хүүхэд шиг хэдэн мөр давтан бичиж суунгаа япон дуу их сонсдог байлаа. Өдөр алгасалгүй ханзны хичээл хийхийг хичээдэг байлаа. Ханз сурах нь харааны ой тогтоолт их шаарддаг юм шиг санагддаг. Нэг зураас өөрчлөгдөхөд л өөр утгатай болно.Бас япон ханз үй түмэн дуудлагатай. Дангаар бол нэг өөр, өөр ханзтай хоршвол нэг өөр гэх мэт.
Гэртээ өрөөнийхөө хананд япон хэлэнд түлхүү хэрэглэгддэг ханзны жагсаалтыг наагаад шинээр сурсан ханзаа унтахын өмнө тодруулагчаар тэмдэглэдэг байв.
Япон дуу орчуулах болсон нь монгол хэлээр утгыг буулгах дадлага болсон гэж боддог. Зарим тохиолдолд англи хэл рүү утгыг мэдэхээс монгол хэл рүү буулгаж чаддаггүй байлаа. Дуу орчуулахад шинээр суралцсан ханзыг орой очоод ханзны жагсаалтаас амархан олдог байв. Бас шинэ үгсийг тусад нь цээжлэхгүйгээр дуу орчуулангаа амархан мэдэж авч болно.
Одоо гэхдээ дуу орчуулахаас илүү ахисан түвшинд гарах цаг нь болсон гэж бодож байгаа.
Бас японы телевизийн нэвтрүүлэг их үзэх нь хэлний чадварыг сайжруулдаг гэж боддог. Яагаад гэвэл тэд үргэлж хүмүүсийн яриаг бичгээр гаргадаг. Энэ нь ямар үгийг яаж хэлээд яаж бичиж байна гэдгийг харьцуулж харахад их дөхөм болдог байлаа. Англи хадмал орчуулгатай япон кинонууд үзэх нь анхан шатнаас дунд шатанд дэвшихэд маш их түлхэц болдог гэж боддог.
Одоо ч япон дуу орчуулсаар байгаа нь мартагдаж алга болохоос бага ч атугай сэргийлэх гэсэн дээ тэр.  "Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий" гэж Күнзийн нэг сургааль байдаг даа.
Энэ хэдэн хэлээ бүр хаячихгүй сэргээж дээр нь одоо бас нэг хэл нэмж суръя гэж бодоод л яваад байна. Өөрийн туршлагаас хэлэхэд гадаад хэлийг аль болох залуудаа сурвал сайн. 25 наснаас хойш юм цээжлэх, тогтоох чадвар эрс мууддаг гэдгийг амьдралын туршлагаасаа хэлье. Тийм учраас "Насны залууд эрдэм сурахад залхуугүй бол нэн сайн" гэдэг үгээр энэ бичлэгээ өндөрлөе.

Comments

  1. хэхэ яааяяая би одоо хорин зургаатай ... англи хэл үзэхээс нойр хүрч байна шт ...
    бас турк сургуульд шалгалтанд нь тэнцээд орж байснаа санаж байна ..
    математикийн ангид нь .. тэгээд даанч төлбөрөө төлж чадах биш гарч билээ ..
    тэр үед сурсан бол сайхан байхгүй юу кэкэ

    ReplyDelete
    Replies
    1. Тэрбумтан минь ертөнцийн хамгийн хэцүү хэлнүүдийн нэгийг насны залуудаа сурчихаад юунд биеэ чамлана вэ. Англи хэлийг жаахан хичээвэл л сурна шүү дээ.

      Delete
  2. Amerikt 40-50 nasandaa shine hel suraad kareeree solij baigaa jishee ih baidag. Mongoliin niigem baga zereg neegdej baigaa uchir Mongolchuudiin tolgoi ch neegdej teden shig setgelgeetei bolno baih gej naiday. Odoogiin bidnii setgelgee 300 jil manjiin kolonchilold baigaad daraa n 70 jil orsiin kolonchilold orson daranguilagdsan setgelgeenii suuliin uye n arilj baigaa yumuu sanagddag.

    ReplyDelete
    Replies
    1. Өө тийм хүмүүс байлгүй л яахав. Манай авга ах хүртэл их хожуу бараг 50-тайдаа англи хэл сураад одоо их мундаг болсон. Энэ дээр бичсэн чинь ганц хүний л бодол. Би өөрийнхөө хэм хэмжээнд л тэгэж бодож байна :)

      Delete
  3. хэл сурах гэж бгаа хүмүүст зориулсан сайхан бичлэг бн. хэн чгүй мэддэг ганц нэгээ хоолтойгоо идчихэлгүй, бага багаар сэргээж бх юмсан гэж бодож бн. хамгийн их сурмаар бгаа хэл гэвэл хятад хэл л бн. сэдэвтэй холбоогүйгээр: хүүхдийнхээ боловсролд анхаарадг хүмүүст хэлэхэд хүүхэд 1 нас хагас гэхэд төрөлх хэлнэсээ гадна 2 дах 3 дах хэлээ сурж эхлэхэд яг тохирдог, ямар ч хүчин чармайлтгүй өөрөө сураад эхэлдэг юм шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Мартахгүйн тулд хэрэглэх л хэрэгтэй.

      Хүүхдийн хувьд байгаа орчиндоо гадаад хэлийг хурдан сурдаг ч дараа нь өөр орчинд очихоороо хэзээ ч мэддэггүй байсан юм шиг таг мартдаг юм.

      Delete
  4. комментыг маань уншаад бичсэнд баярлалаа:) зөвлөгөөнөөс нь авч хэрэгжүүлнээ. залуу байгаа дээрээ одоо сураад л байхаас даа:D

    amethyst

    ReplyDelete
  5. Shine unshigch tani negeer nemegdsen shuu :)
    Cheers, Zoloo

    ReplyDelete
  6. Сайхан бичлэг байнаа. Өмнө нь өөрийн чинь блог руу хэд хэд орж байсан. Япон дууны орчуулга. Бас 1 номны тэмдэглэл уншиж байсан санагдаж байна. Өнөөдрөөс эхлээд өөрийн блог дээрээ холбоосыг нэмнээ. Байнга орж байхын тулд

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Харин сэтгэгдэлүүдийг чинь хэд хэд харж байсан юм байна. Жишээ нь:
      http://koyukinoblog.blogspot.com/2011/02/100-13.html
      http://koyukinoblog.blogspot.com/2011/03/chrysanthemum-and-sword-2.html

      Delete
  7. турк сургууль гэж мон-турк уу

    ReplyDelete

Post a Comment