Гэрэлт цох



Түүнийг Нобида гэдэг. Өндөр бас царайлаг нүдэнд дулаахан залуу. Цагаан өнгийн цамц өмсөхөөр улам ч царайлаг болчихно. Анх Японд очсоны дараа надад "Чи дугуй унаж чаддаггүй юм байна. Би чамд супермаркетаас хэрэгтэй юмыг чинь авчирч өгч байх уу? Тэртэй тэргүй би өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг" гэж билээ. Мэдээж би эелдэгээр татгалзсан. Гэхдээ тэр үгэнд нь би одоо хүртэл маш их баярлаж явдаг билээ. Манай сургуулийн машинтай монгол хүртэл ингэж надад хэлээгүй юм.
Бид 2 хамтдаа ганц хоёр хичээлд суудаг байсан болохоор бусдаас арай дотно найзалцгаасан билээ. Нэг өдөр тэр над руу чи гэрэлт цох үзсэн үү, үзээгүй бол хамтдаа явж үзэцгээе гэж мессеж илгээлээ. Бид 2 голын эрэгт модны захад гэрэлт цох харсан гэсэн газар нь очоод хүлээлээ. Хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа тэгтэл ганцхан ширхэг гэрэлт цох нисэж харагдлаа. Урьд нь хэзээ ч гэрэлт цох хараагүй наддаа л гайхамшигт үзэгдэл байлаа. Ахиж хэсэг хүлээгээд улирал нь өнгөрчихөж дээ одоо харьцгаая гээд буцсансан.
Зав муутай бидэнд тааралдах үе бараг байдаггүй. Өөр өөрийн лабораторитоо шигдээд судалгаагаа хийж байцгаана. Заримдаа хаа нэгтээ нэг нэгнийхээ лабораторит зочилно. Түүний лаборатори А байранд байдаг минийх Б байранд байдаг байлаа. А байранд электроник, физик, роботынхон байдаг. Манай сургуулийн гавлууд А байранд байдаг гэж бид хошигнон ярьцгаадаг байв. Түүний лабораторит очиход компьютерийн дэлгэц дээр нь хүний гавлын ясны зураг эргэлдэж хажууд нь тоо урсаад юм мэдэхгүй маньд бол ямар нэгэн cool судалгаа шиг санагддаг байж билээ.
Нэг удаа тэр надад далайн эргээс нар мандахыг харахаар явая гэлээ. Би дугуй унахдаа муу болохоор аажуухан  жийсээр явж байлаа. Үүрийн 3 цагт гараад 5 цагийн үед далайн эрэг дээр ирж нар мандахыг харж билээ. Өдрийн нарны элчийг шингээсэн далайн ус өглөөдөө маш бүлээхэн байдаг юм байна лээ. Далай руу харсан сандал дээр суугаад олон улсын геополитик ярьсан шигээ, эргийнх нь тоглоомын талбайд  олсноос зүүгдэж тоглоод хөгжилтэй нэгэн өглөөг өнгөрүүлсэн дээ.
Хааяа нэг 4 давхрын кофены буланд уулзацгааж сонин хачнаа хуучлана. Бас ийш тийш явахдаа авсан сувинерээ солилцдог байлаа. Нобида минь надаас түрүүлж ирсэн болохоор түрүүлж төгсөөд явсансан. Одоо харин сураг тасарчээ. Сайн л явдаг байх даа гэж бодно.
Хаа явсан газар минь тус дэм болох ийм сайн санаат хүмүүстэй учруулдагт бурханд баярлаж явдаг билээ.
 Дээр үед энд орчуулж байсан Фукуяама сангийн дуулсан Гэрэлт цох хэмээх дуунд
...ありがとう この街で 出逢ってくれてБаярлалаа энэ хотод санаандгүй учирсанд
生まれてくれて Бас тэгээд энэ хорвоод мэндэлсэнд чинь... гэдэг шиг л...

Comments

  1. iimgoe yum bichdeg bolohoor chin dandaa unshdag bhgui yu

    ReplyDelete
  2. Сайхан л дурсамж юм..Нүдэнд харагдчихлаа..

    ReplyDelete
  3. saihan dursamj baina... bas ih engiin murtluu yaruu goe bichsen baina...

    ReplyDelete

Post a Comment