"Чи"-ний бодолд би байгаасай...

Өнөөдөр найзтайгаа уулзаж элдвийг ярилцлаа. Японд докторт сурдаг нөгөө миний анх Япон явахдаа онгоцны буудалд танилцсан гэж энд бичээд байдаг найз маань судалгааны ажлаар Монголд ирээд байгаа нь тэр. Найз маань Одноогийн ток шоунд орсон нэгэн жүжигчний амьдралаас надад ярилаа. Монголд ирээд жил болох гэж байхад Монголын талаар мэдлэг хомс би дуугүй л сонсож суулаа. Телевиз үзэхгүй, мэдээний сайтуудаар ч орохгүй болохоор бүх юмыг сургаар л дуулах юм даа. Тэр жүжигчний амьдралыг манай найз энэ бүхэн тус тусдаа философи биш үү хэмээн ярина. 10 хүүхэдтэй нөхрөө хаяаад явсан эхнэрийн амьдрал нэг философи, өтөл насанд тэр жүжигчнийг санан ирсэн шавь эмэгтэйн амьдрал нэг философи... Түүний яриаг сонсож суухдаа тэртээ дээр үед "The Reader" киног үзэхэд төрсөнтэй яг адилхан бодол санаанд харван орж ирэхэд энэхүү постыг хийх санаа төрлөө.
Хүн амьдралдаа дор хаяж ганц хүний сэтгэлд хожим хүндэтгэлтэйгээр дурсагдах томоохон байр суурь эзлэх үйлийг үйлдвэл тэр нь эргээд хэцүү үед нь нар мандуулах аврал болдог юм байна даа гэсэн бодол "The Reader" киноноос төрсөн билээ. Миний дотроо боддог нэгэн бодолтой энэ киноноос төрсөн бодол нийцэж байх шиг санагдсан юм. Хорвоо дээр маш олон хүмүүс өөр өөрсдийнхөөрөө аж төрөн амьдардаг. Хүн бүр энэ хорвоо дээр зорилготой ирдэг ч гэдэг. Аугаа хүн болж, аугаа үйл хэрэгт оролцохгүй эгэл жирийнээр амьдарсан ч нэгэн хүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь нөгөөд аугаа үйл хэрэг хийх санааг төрүүлж яг л гинжин хэлхээ шиг амьдрал үргэлжилдэг, үйл явдал бүхэнд утга учир бий гэсэн бодол.
Нэг удаа сонсчихоор давтан давтан салж чадахгүй сонсдог дуу бол "Чиний бодолд би байгаасай...". Японд голын эргээр дугуй унаж явахдаа энэ дууг өөрийн эрхгүй аялдаг байсан. Энэ хэдийгээр хайрын дуу ч гэсэн яг энэ дууны нэр шиг бид бүхэн хэн нэгний бодолд сайхнаар дурсагдаж байгаасай.

Comments

  1. Би юм уншихдаа хамт алдааг нь хараад явчихдаг юм. Гэхдээ алдаа харах маань ойлгоход саад болдоггүй. Энэ бичвэрт зөв бичгийн дүрмийн алдаа бараг л алга [элдэвийг - элдвийг, япон - Япон, монголд - Монголд, монголын - Монголын, юмдаа - юм даа, хаяаад - хаяад]... Алдаа багатай бичвэр торохгүй гоё байдаг юм. Буцаад ирсэн баяр хүргэе.

    ReplyDelete
  2. Алдаатай бичдэг хүмүүст дургүй болохоор би бас тэгээд "Ангууч" шиг ажиллаад байдаг. Уул нь өөрийгөө монгол хэлээр бол алдаагүй л бичдэг гэж боддог доо, хэхэ.

    Чамаас айгаад буцаад ирлээ :)

    ReplyDelete
  3. Алдааг минь :(

    ReplyDelete
  4. Ээ, чи айгаагүй л байна даа. Айсан бол алдаагаа засчихсан байгаа шүү дээ хэхэ. Амьдралд янз бүрийн л юм тохиолдож байдаг. Тэр бүхэнд няцаад байвал урагшлахгүй шүү дээ. Япон орныг харж байгаа нэг цонхнуудын маань үргэлж нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Амжилт хүсье.

    ReplyDelete
  5. Давхар орчихоор нь устгачихлаа шүү. Хяналтын цэснээсээ устгачихаарай. "Япон орныг харж байгаа цонхнуудын маань нэг"... Чиний өртөө жаахан гацаад байна шүү. Магадгүй миний орж байгаа сүлжээнээс болж байж ч магад...

    ReplyDelete
  6. Айгаад блогоо нээлээ шүү ээ. Алдаа нь яахав байж л байг л дээ, хэхэ.
    Үргэлж төлөвлөгөөний дагуу урагшилж явсан хүнд яахаа мэдэхгүй ангайх үе ирдэг юм байна.

    ReplyDelete
  7. Амьдралыг иймэрхүү зүйлс чимдэг юм биш үү хэхэ...

    ReplyDelete
  8. Алдаатай оноотой амьдрал минь хөвөрсөөр...

    ReplyDelete

Post a Comment