Шинэ жилийн мэндчилгээг японоор хэрхэн бичих вэ?

Сая шуудан орж хэдэн шинэ жилийн мэндчилгээ бичсэнээ явуулчихлаа. Өмнө энд бичиж байснаар японууд шинэ жилийн мэндчилгээнд их ач холбогдол өгнө өө. Бас бичих ном дүрэмтэй. Энэ талаар өнөөдөр бичихээр шийдлээ.
Шинэ жилийн мэндчилгээг дээрээс доош нь босоогоор баруунаас зүүн тийш нь чиглүүлж бичнэ.
Хамгийн эхэнд хандаж буй хүнийхээ Овгийг эхлээд дараагаар нь Нэрийг нь бичнэ. Дараа нь 様(сама- сан-гийн хүндэтгэлийн хэлбэр) гэж бичнэ.
Тэгээд 明けましておめでとうございます。(Akemashite omedetou gozaimasu- Шинэ оны мэнд хүргэе.) эсвэл 新年おめでとうございます。(Shinnen omedetou gozaimasu - Шинэ оны мэнд хүргэе.) гэж эхэлнэ.
Дараагаар нь
昨年は大変お世話になりありがとうございました。(Sakunen wa taihen osewa ni nari arigatou gozaimashita.- Өнгөрсөн жил туслаж дэмжсэнд тань баярлалаа.)
本年もどうぞよろしくお願いします。(Honnen mo douzo yoroshiku onegaishimasu.- Энэ жил ч мөн туслаж дэмжинэ гэдэгт найдаж байна.)

Төгсгөлд нь он сараа
平成24年 元旦(Хэсэйгийн 24 оны 1 сарын 1) гэж бичнэ.
Хэсэйгийн тоолол одооны эзэн хаан ширээнд суусан 1989 оноос эхлэн тоолж байгаа юм. 2012 он нь Хэсэйгийн 24-р он болно. Дашрамд дурьдахад өнөөдөр японы эзэн хааны төрсөн өдөр болж байгаа.

Шинэ жилийн мэндчилгээ 1 сарын 1 -нээс өмнө очих ёсгүй учраас дугтуйнхаа нүүрэн дээр улаанаар 年賀 (nenga)гэж бичих хэрэгтэй. Шуудангийнхан хадгалж байгаад яг 1 сарын 1-ний өглөө хүргэж өгдөг юм.

Comments